© Dandaa.mn. 2011-2021
5-р сарын 18, Мягмар
Улаанбаатар °C
Дэлхийд

Европын холбоо 30 жилийн дараа дахин Хятадын эсрэг хориг тавилаа

Европын холбоо энэ долоо хоногт Хятадын зарим албан тушаалтнуудыг хүний эрх зөрчсөн хэргээр хар жагсаалтад оруулахаар шийджээ. Энэ бол 1989 оны Тянь Ань Миний талбайн үйл явдлаас хойш Европын холбоо Бээжинд хориг тавьж буй анхны тохиолдол юм.

Тухайлбал, Европын холбоо нь Хятадын дөрвөн иргэн, нэг аж ахуй нэгжийг Европт зорчихыг хориглон, Европ дахь хөрөнгийг нь царцаасан байна. Гэхдээ Европын холбооны гадаад хэргийн сайд нар гуравдугаар сарын 22-нд батлах хүртэл хориг тавьсан хүмүүсийн нэрийг нууцлах аж.

Гэвч энэ хориг арга хэмжээ бол Европын холбооноос Хятадад чиглэсэн бодлогоо чангаруулж байгаагийн бэлгэ тэмдэг төдий зүйл юм. Өмнө нь Европын орнууд Хятадыг итгэмжит түнш хэмээн хардаг байсан бол өдгөө хүний эрх, эрх чөлөөг дарангуйлан устгагч хэмээн харах болжээ.

Түүнээс гадна Европын холбоо 1989 онд Хятадад тавьсан зэвсгийн хоригоо одоо болтол сулруулаагүй байгаа. Албаныхны мэдээлж байгаагаар Европын холбооноос  Хятадын эрх баригчдыг Шинжаан дахь үндэсний цөөнх уйгур үндэстэн, мусульманчуудын эрхийг ноцтой зөрчиж байна хэмээн үзэж дээрх арга хэмжээг авчээ. Мөн тус арга хэмжээ нь Европ, АНУ, Канад дахь уйгурчуудын байр суурийн илрэл аж.

Эх сурвалжууд болон НҮБ-ын хүний эрхийн мэргэжилтнүүдийн мэдээлж байгаагаар Шинжаанд өдгөө дор хаяж нэг сая уйгурчууд хоригдож байна. Түүнчлэн хүний эрхийн төлөө тэмцэгч нар болон барууны зарим улстөрчид Бээжинг уйгур хоригдлуудад хүч хэрэглэж, эрүүдэн шүүж, хүчээр хөдөлмөр эрхлүүлж байна хэмээн үздэг.

АНУ, Канадын шийдвэртэй Нидерланд санал нэгдэж, Хятадыг уйгурчуудын эсрэг геноцид үйлдэж байна хэмээн үзжээ. Гэвч Хятадын тал дээрх дүгнэлтийг тууштай эсэргүүцэж, бодлогоо өөрчлөхгүй гэдгээ мэдэгдэв.  Тухайлбал, Хятадын Элчин сайд Жан Мин “Хориг арга хэмжээ бол өдөөн хатгалга. Бид өдөөн хатгалга биш харилцан яриа хүсч байна. Тиймээс Хятадын талаас Европын холбоог хоригоо дахин бодож үзэхийг санал болгож байна. Хэрвээ өдөөн хатгалга хэвээр байвал бид ч гэсэн бууж өгөхгүй. Бид өөрсдийн иргэдийг хамгаалахын төлөө боломжтой бүхнийг хийхэд бэлэн” хэмээн ярьжээ.

Эх сурвалж: REUTERS

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Dandaa.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Шинэ мэдээ
Их уншсан
Цаг агаар дуудаж байна...
Уншиж байна ..