
"20 минутын хот" Үндэсний хорооны дарга, сайд Р.Эрдэнэбүрэн:
-Гэр хорооллын дахин төлөвлөлт, түгжрэлийг бууруулах тухай хуульд өөрчлөлт оруулах багц хуулийн төслийг ирэх долоо хоногийн Засгийн газрын хурлаар хэлэлцүүлж, УИХ-д өргөн барих чиглэл өглөө. Бид нэгдүгээрт, олон жил яригдсан хот төлөвлөлтийнхөө асуудлыг УИХ-д өргөн барьж, хэлэлцэж байгаа. Мөн Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуультай хамтад нь уялдаатай хэлэлцүүлэх үүднээс 2025 оны зургадугаар сарын 1-нээс хэрэгжиж эхлэх байсныг нэг жилээр хойшлуулсан.
Эхлээд төлөвлөлтүүдээ анхнаас нь уялдаатай сайн хийснээр дараа дараагийн ажлуудыг шат дараатай хэрэгжүүлэх боломжтой болно.
Туулын хурдны замын олон улсын нээлттэй тендерийг 2025 оны зургадугаар сарын 19-нд нээнэ. Энэ ажлыг ямар нэгэн гацаа саадгүйгээр 22 сард багтаан хийхээр төлөвлөсөн. Энэ зун Туулын хурдны замын барилгын ажлын нэлээд хувийг нь гүйцэтгэнэ. Туулын хурдны зам, тойрог замын бүтээн байгуулалтыг хийснээр урьдчилсан тооцооллоор нийслэл хотын түгжрэл 50 хүртэлх хувиар буурна. Түгжрэлийг бууруулах ажлыг ганцхан зун хийж амжихгүй. Энэ хоёр төслийг хэлэлцэж, шийдвэр гаргаад явж байна.