© Dandaa.mn. 2011-2021
5-р сарын 18, Мягмар
Улаанбаатар °C
Дэлхийд

Владимир Путин өөрийг нь дахин хоёр удаа сонгогдохыг зөвшөөрсөн хуулийг батлав

ОХУ нь өнгөрсөн оны зун бүх нийтийн санал асуулгаар үндсэн хуулиа шинэчлэхээр болсон билээ.

Энэхүү шинэчлэлтээс өмнө ерөнхийлөгчийн албан тушаалд нэг хүн дараалан хоёроос дээш удаа сонгогдохыг хориглодог байв. Үүний дагуу одоогийн ерөнхийлөгч Владимир Путин нийт дөрвөн удаа сонгогдож ажиллахдаа дунд нь нэг удаа завсарлаж байжээ.

Одоо тэрбээр дөрөв дэх удаагаа сонгогдон ажиллаж байгаа ба 2024 онд бүрэн эрхийн хугацаа нь дууссаны дараа дахин сонгогдох боломжгүй болох байв.

Харин өнгөрсөн зун ОХУ-ын иргэдийн 78.56 хувийн саналаар үндсэн хуулинд орсон өөрчлөлтийн дагуу Путиний ерөнхийлөгчөөр сонгогдсон тоог тэглэж, 2036 он хүртэл улс орноо удирдах боломжийг нээжээ.

Тэр үед Путин 84 настай байх юм. Хэрвээ ингэж чадвал тэр Оросын эзэнт гүрнээс хойш төрийн тэргүүнээр хамгийн удаан ажилласан хүн болно. Одоогоор Иосиф Сталин Зөвлөлт Холбоот Улсыг 29 жил удирдсан үзүүлэлтээр тэргүүлж байгаа.

Владимир Путин өчигдөр энэхүү хуулийн нэмэлт өөрчлөлтөд гарын үсэг зурж баталснаар хэрэгжиж эхэлжээ.

Хуулийн нэмэлт өөрчлөлт зөвхөн Путиний сонгогдсон хугацааг тэглээд зогсохгүй ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдэд тавих шаардлагыг өндөрсгөсөн байна. 

Тухайлбал нэр дэвшигч өмнө нь ямар нэг гадаад улс орны иргэний харьяалалтай байгаагүй, ОХУ-д хамгийн богинодоо 25 жилийн турш амьдарсан байх ёстой болжээ. Мөн ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг зургаан жил болгон уртасгасан юм.

 

Эх сурвалж: Russia Today

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Dandaa.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Шинэ мэдээ
Их уншсан
Цаг агаар дуудаж байна...
Уншиж байна ..