© Dandaa.mn. 2011-2021
5-р сарын 18, Мягмар
Улаанбаатар °C
Улс төр

С.Баярцогт нарын гомдлыг энэ сарын 16-нд хянан хэлэлцэнэ

Оюутолгойн хөрөнгө оруулалтын болон далд уурхайн бүтээн байгуулалтын гэрээ байгуулахдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх хэрэгт холбогдсон УИХ-ын гишүүн, Сангийн сайд зэрэг төрийн өндөр албан тушаал хашиж байсан С.Баярцогт, Татварын ерөнхий газар (ТЕГ)-ын дарга асан Б.Ариунсан, “Эрдэнэс Монгол” компанийн захирал асан Б.Бямбасайхан, “Эрдэнэс Оюутолгой”-н захирал асан Д.Ганболд, ТЕГ-ын Татварын удирдлага, хамтын ажиллагааны газрын дарга байсан Б.Бадрал нарын гаргасан гомдлыг Улсын дээд шүүх энэ сарын 16-ны өдөр хянан хэлэлцэхээр товложээ.

Одоогоос дөрвөн сарын өмнө тэдэнд холбогдох хэргийг нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хэлэлцсэн. Анхан шатны шүүхээс өнгөрсөн долдугаар сард шүүгдэгч С.Баярцогтыг

-2009 онд Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг байгуулах үедээ албаны эрх мэдлээ ашиглан эхнэрийнхээ хувь эзэмшдэг компанийг “Оюутолгой” ХХК-тай гэрээ байгуулж орлого олох боломж бүрдүүлэн улсад хохирол учруулсан.

-"Айвенхоу майнз” компанийн 150 000 ширхэг хувьцааг мэдээлэлд ойр байх эрх мэдлээ ашиглан худалдан авч, гэрээ байгуулагдсаны дараа буюу 2010 оны дөрөвдүгээр сард олон улсын хөрөнгийн зах дээр уг хувьцааны ханш өсмөгц буцаан борлуулж 1.3 сая гаруй ам.долларын ашиг олсноосоо 1.2 саяыг нь Швейцарын банкаар дамжуулан оффшор бүсээс “Голомт” банкинд шилжүүлэн байршуулж мөнгө угаасан,

-2008-2012 онд Сангийн сайдаар ажиллаж байхдаа хууль ёсны орлогоосоо гадна Нүхтэд 853 сая шахам төгрөгөөр үнэлэгдэх хаус авсныгаа өөр хүний нэр дээр бүртгүүлж, хөрөнгөө нуусан,

-Зайсангийн “Белла веста” хотхонд 1.1 болон 1.4 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх хоёр орон сууц, автозогсоолуудыг худалдан авч үндэслэлгүй хөрөнгөжсөн гэм буруутайд тооцож, нийтийн албанд ажиллах эрхийг таван жил хасаж, 10 жил хорих ял оноон, дээр дурдсан үл хөдлөх эд хөрөнгүүд, оффшор бүсээс Швейцарын банкаар дамжуулан угаасан 1.3 сая ам.доллар буюу 1.6 тэрбум төгрөгийг нь улсын орлого болгохоор шийдвэрлэсэн.

Харин Б.Бямбасайхан, Д.Ганболд нарыг эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашигласан гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг гурван жилээр хасч, дөрвөн жил, Б.Ариунсан, Б.Бадрал нарыг “Оюутолгой” ХХК-ийн улсад төлөх татварын хэмжээг үндэслэлгүйгээр бууруулж, эрх мэдэл албан тушаалаа урвуулсан гэм буруутай гэж үзэн нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жил хасаж, нэг жил зургаан сар хорих ял оноосон юм.

Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх цар тахалтай холбоотойгоор шүүх хурлын оролцогчдыг нэг танхимд байлгахгүй, онлайнаар хэлэлцсэн бөгөөд шүүгдэгч таван хүн ШШГЕГ-ын харьяа хорих 409 дүгээр ангиас, прокурорууд болон өмгөөлөгч нар нь Давж заалдах шатны шүүхийн байранд гаргасан тусгай өрөөнүүдээс гаргаж буй гомдол, үндэслэлээ тайлбарласан.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхээс оноосон ялыг бууруулж, С.Баярцогтыг дөрвөн жил найман сар, Д.Ганболд, Б.Бямбасайхан нарыг нэг жил гурван сар, Б.Ариунсан, Б.Бадрал нарыг нэг жил хорихоор болсон бол С.Баярцогтын хууль бусаар олсон хөрөнгийг хураах ялыг нь хэвээр үлдээсэн билээ.

Б.ЖАРГАЛ

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Dandaa.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Шинэ мэдээ
Их уншсан
Цаг агаар дуудаж байна...
Уншиж байна ..