© Dandaa.mn. 2011-2024
3-р сарын 28, Пүрэв
Улаанбаатар °C
Эрүүл мэнд

Хавдартай 10,373 хүнийг Pfizer вакцинд хамруулах шийдвэр гаргасан ч 7,000 хүнд хийгээд нөөц нь " дуусжээ"

Манай улс COVAX хөтөлбөрийн хүрээнд 25,740 тун Pfizer вакцин хүлээн авч, гемодиализын аппаратад ордог, цул эрхтэн шилжүүлэн суулгасан, хорт хавдартай гэх мэт халдварын хамгийн эрсдэл өндөртэй 12,870 иргэндээ тус вакциныг хийх талаар мэдээлж байв. 

Гэвч хорт хавдартай иргэд уг вакцинд хамрагдаж чадахгүй байгаа талаарх иргэдийн гомдол тасрахгүй байна.

БЗД-ийн иргэн Б.Батболд "2020 онд хорт хавдартай гэсэн онош батлагдсанаас хойш ХСҮТ-д хяналтад байгаа. Гуравдугаар сард химийн эмчилгээтэй байсан тул Pfizer вакцин хийлгэж чадаагүй. Хяналтын эмч химийн эмчилгээний хооронд хамрагдаж болно гэсэн ч вакцин дууссан гээд хийлгэж чадахгүй байна" гэв. 

СХД-ийн 17 дугаар хорооны иргэн Ч.Ренчинмядаг “Pfizer вакцин хийлгэхээр өрхийн эмнэлэгт очиход дүүргийн эмнэлэгт очоорой гэсэн. Хариу урвал багатай тул хавдартай хүмүүст Pfizer вакцин хийнэ гэснээс хойш хөөцөлдөөд хийлгэж чадаагүй. СХД-ийн хавдрын эмчтэй уулзахад "Тантай ижил вакцин хийлгэж чадаагүй 20 гаруй хүн байна" гэж хэлсэн.

Хавдартай хүмүүс их эрсдэлтэй тул эрүүл мэндийн байгууллагуудын зөвлөсөн вакцинд хамрагдахыг хүсэж байна. Гэтэл одоо бусад вакциныг зөвлөж байгаа. Яг үнэндээ, эрсдэл гарвал хэн хариуцлага хүлээх вэ?” гэлээ.

ВАКЦИНДАА ХАМРАГДАЖ ЧАДААГҮЙ ХОЦОРСОН, ХАВДАРТАЙ 50 ГАРУЙ ХҮН ИРЖ УУЛЗЛАА

Өндөр настан Я.Оюун “Миний хувьд 70 настай, өнгөрсөн жил ходоодны хорт хавдар дөрөвдүгээр үе шатанд орсон гэж оношлогдсон. Гуравдугаар сарын сүүлээр Pfizer вакцин хавдартай хүмүүст хийж байна гэхээр нь ХСҮТ-ийн лавлах дугаар руу залгасан. Гэтэл хөдөө орон нутгийн харьяалалтай хүнд Pfizer вакцин хийхгүй, удахгүй журам гарна гэсэн.

ХСҮТ голомт болсон учраас шууд очиж чадаагүй бөгөөд журам гарахыг хүлээсэн. Тавдугаар сард дахин залгахад вакцин дууссан гэсэн хариу авсан. Түр оршин суугчийн хаягаараа өрх болон дүүргийн эмнэлэгт очсон. Өнөөдөр ХУД-ийн хавдрын эмчтэй очиж, уулзлаа. "Манайд дүүрэгт вакциндаа хамрагдаж чадаагүй хоцорсон, хавдартай 50 гаруй хүн ирж уулзлаа" гэж хавдрын эмч хэлсэн. Нэр дахин бүртгэж авсан.

ХСҮТ-ийн лавлах утас руу залгахад оочерлоод хийлгэ гэсэн бол очих байсан. Гэтэл бодит байдал дээр орон нутгийн харьяалалтай хүмүүс оочерлож байгаад хийлгэсэн юм билээ. Нэгдүгээр эмнэлэгт хоцорсон хэдэн хүнийг хийсэн юм шиг байна. Эрүүл мэндийн яамны гомдол, санал хүлээн авдаг дугаар утсаа ерөөсөө авахгүй юм. Бүгд л надад хамаагүй гэж нэгэн рүү гээ түлхээд байна” гэв.

ХАВДАРТАЙ 7,000 ГАРУЙ ХҮНД PFIZER ВАКЦИН ХИЙГЭЭД БАЙНА

Хавдар судлалын үндэсний төвөөс Pfizer вакцинд хавдартай хэчнээн хүн хамрагдсан талаар тодруулахад "Одоогоор хавдартай 7,000 гаруй хүнд Pfizer вакцин хийгээд байна. Тэдгээр иргэн хоёр дахь тундаа хамрагдаж эхэлсэн.

 2020 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд хорт хавдартай 23,278 хүн байгаагаас 10 гаруй мянга нь нийслэлд амьдарч байгаа" гэсэн тайлбарыг өглөө.

Pfizer вакцин нь хариу урвал маш багатай тул олон улсад хавдартай, дархлаа дарангуйлах эм уудаг болон бөөр орлуулах эмчилгээнд ордог гэх мэтчилэн зайлшгүй заалттай хүмүүст хэрэглэж байгаа бөгөөд 12,870 хүнийг нэрсээр нь жагсаан хийж байна гэсэн мэдээллийг Эрүүл мэдийн сайд С.Энхболд дөрөвдүгээр сарын 8-нд өгсөн.

Хүснэгт: Pfizer вакцинд хамруулах иргэдийн жагсаалт /Эх сурвалж: ЭМЯ/

Д/д Вакцинд хамрагдах шалтгаан Вакцинд хамрагдах иргэдийн тоо
1 Гемодиализид ордог 690
2 Эрхтэн шилжүүлэх мэс засал хийлгэсэн 1,547
3 ХДХВ-ийн халдвартай 260
4 Хавдартай 10,373
Нийт 12,870

Эрсдэлт бүлгийн иргэддээ Pfizer вакцин хийнэ гэж гуравдугаар сард танилцуулсан хүснэгтэд 10,373 хүн хавдартай хэмээн жагсаасан байна. Дээр дурдсанчлан эдгээр иргэн нь нийслэлд амьдардаг аж. Харин 70 хувь нь л вакциндаа хамрагдсан болохыг ХСҮТ нотолж байна. Өөрөөр хэлбэл, хавдрын өвчтэй бусад хүн дээр ярьсан иргэдийн адил вакциндаа хамрагдаж чадаагүй байна.

Харин зургаан хоногийн дараа буюу дөрөвдүгээр сарын 14-д ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Л.Баттөр хавдартай өвчтөнд аль ч вакциныг хийж болно гэсэн мэдээлэл хийв.

Үүнээс хойш Эрүүл мэндийн яамны ээлжит хэвлэлийн хурлын үеэр Pfizer вакциныг энэ хүнд хийгээрэй гэж хуваарилахгүй, хавдартай, архаг суурь өвчтэй, харшилтай хүмүүст Vero Cell вакцин тохирно. Эдгээр хүмүүс Vero Cell вакциныг хийлгэх бүрэн боломжтой гэсэн мэдээллийг холбогдох албаныхан өгсөөр байгаа билээ.

Өөрөөр хэлбэл, сар гаруйн өмнө Pfizer вакцинд хамрагдах иргэдийн жагсаалт гаргасан ч удалгүй тус вакциныг хэнд хийхийг хуваарилахгүй гэж шийдвэрээ өөрчилжээ. 

Дараагийн Pfizer вакцин орж ирвэл бид аль болох эрсдэлт бүлгийн хүмүүстээ хийнэ гэсэн мэдээллийг ЭМЯ-наас өгч байгаа юм.

Pfizer вакциныг нэмж татаж авахаар гэрээ байгуулсан бөгөөд тавдугаар сард ирнэ, тоо хэмжээнд санаа зоволтгүй талаар Сангийн сайд Б.Жавхлан мэдээллээд байна. 

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Dandaa.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..