© Dandaa.mn. 2011-2024
3-р сарын 19, Мягмар
Улаанбаатар °C
Дэлхийд

Ши Жиньпиний айлчлалын үеэр 2 баримт бичигт гарын үсэг зуржээ

Хятадын дарга Ши Жиньпиний Москвад хийсэн айлчлалын үеэр талууд хоёр баримт бичигт гарын үсэг зурсан талаар Оросын "Риа новости" болон "Тасс" мэдээллийн агентлагууд мэдээлжээ. Эх сурвалжийн мэдээлснээр нэг баримт бичиг нь эдийн засгийн хамтын ажиллагааны төлөвлөгөө бол нөгөөх нь түншлэлийг гүнзгийрүүлэх төлөвлөгөө аж.

Түүнчлэн ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин хоёр улсын хооронд спортын холбоог хөгжүүлэх, Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын хүрээнд спортын холбоо байгуулахыг дэмжив. Тэрбээр барууны орнууд спортыг дарамт, шахалт үзүүлэх хэрэгсэл болгон ашиглаж байгаа учраас дээрх санаачилга нь нэн чухал гэдгийг онцолжээ. 

Путин Хятад руу татах Оросын хоёр дахь хийн хоолойг барих яриа хэлэлцээний ахиц дэвшлийн талаар ярьсан бол Ши Жиньпиний хаалтын үгэнд энэ тухай тодорхой мэдээлэл хэлээгүй. 

Үүний зэрэгцээ Орос улс нь Ази, Африк, Латин Америкийн орнуудтай  гадаад худалдааны тооцоогоо юаньд шилжүүлэхэд бэлэн байна гэж Путин мэдэгджээ. Одоогоор Оросын нийт экспортын худалдааны 16 орчим хувийг юаниар хийж байгаа аж. 

"Бид Орос болон Ази, Африк, Латин Америкийн орнуудын  хооронд төлбөр тооцоо хийхдээ Хятадын юанийг ашиглахыг дэмжиж байна. Юанийн төлбөрийн хэлбэрийг Оросын түншүүд болон гуравдагч орнууд дахь хамтран ажиллагсдын хооронд хөгжүүлнэ гэдэгт би итгэлтэй байна. Хоёр талын худалдаанд үндэсний мөнгөн тэмдэгтүүдийг түлхүү ашиглах болсон нь чухал. Энэ туршлагыг цаашид дэмжиж, манай улсын зах зээлд санхүү, банкны бүтцийн харилцан оролцоог өргөжүүлэх хэрэгтэй" гэж Путин мэдэгдэв. Орос улс ам.долларыг олон улсын эдийн засаг, худалдаанаас шахах төлөвлөгөө, хөтөлбөрийг 2018 оноос ярилцаж эхэлсэн.

Айлчлалын үеэр Ши Жиньпин Путинаас илүү тайван, захирангуй байдалтай байсныг биеийн хэлэмж судалдаг мэргэжилтнүүд мэдэгджээ.  Сингапурт байрлах Influence Solutions компанийн гүйцэтгэх захирал Карен Леонг хэлэхдээ, "Ши дарга Путинтай анх удаа уулзаж, гар барихдаа түрүүлж гараа сунгасан нь харилцааг хэн хөтөлж байгааг харуулсан" гэж тайлбарлав. Мөн Австралийн Мельбурн хотод байрладаг биеийн хэлэмж, манлайллын зан үйлийн мэргэжилтэн Луиза Малер ч дээрх үйлдлийг давамгай байдлын илэрхийлэл гэж үзсэн байна.

Тэд зэрэгцэн сууж, орчуулагчаар дамжуулан эелдгээр ярилцаж, "дотны нөхөр" гэж мэндчилсэн боловч Путин бөгтийж, хөлөө ачиж, нударгаа зангидан, шал руу харж байжээ. Харин Ши Жиньпин тайван, өөртэй итгэлтэй харагдсан байна. Тэрбээр Путины нүд рүү эгц ширтэж, дүү, залуу хамтрагч руугаа харж буй мэт байсан аж.

Гэтэл Путин Ши даргаас хэдэн сараар ах бас төрийн эрхэнд хоёр дахин олон жил суусан нэгэн.

"Хэдийгээр тэд дотны нөхөр мэт харагдахыг хичээсэн боловч уур амьсгал хүнд байсныг харж болно. Учир нь улс төрд жинхэнэ найз гэж байдаггүй" хэмээн Өмнөд Солонгосын биеийн хэлний лабораторийн захирал Ким Хён Хи тайлбарлажээ.

ЭХ СУРВАЛЖ: REUTERS

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Dandaa.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..