© Dandaa.mn. 2011-2024
3-р сарын 29, Баасан
Улаанбаатар °C
Нийгэм

Нийгмийн даатгалын шимтгэл төлж буй ААНБ-ын тоо 36.8 мянгаар нэмэгджээ

Улаанбаатар /МОНЦАМЭ/. НДЕГ-ын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд 2022 оны 4 дүгээр улирлын байдлаар 49 мянган аж ахуйн нэгж, байгууллага (ААНБ)-ын 756.1 мянган ажиллагч хамрагдсан байна.

НДШ төлж буй ААНБ-ын тоо өмнөх оны мөн үеийнхээс 2.7 (5.8 хувь) мянгаар, өмнөх улирлынхаас 347 (0.7 хувь)-гоор, ажиллагчид өмнөх оны мөн үеийнхээс 36.8 (5.1 хувь) мянгаар, өмнөх улирлынхаас 629 (0.1 хувь) мянгаар нэмэгджээ.

НДШ төлөлтийн тайланд хамрагдсан нийт даатгуулагчийн 114 (15.1 хувь) мянга нь боловсролын,  107.5 (14.2 хувь) мянга нь бөөний болон жижиглэн худалдаа, машин, мотоциклийн засвар үйлчилгээний, 80.9 (10.7 хувь) мянга нь төрийн удирдлага, батлан хамгаалах, албан журмын  нийгмийн хамгааллын, 76.9 (10.2 хувь) мянга нь боловсруулах үйлдвэрлэлийн, 49.2 (6.5 хувь) мянга нь барилгын, 48.1 (6.4 хувь) мянга нь тээвэр, агуулахын үйл ажиллагааны, 48 (6.3 хувь) мянга нь хүний эрүүл мэнд, нийгмийн халамжийн, 42 (5.6 хувь) мянга нь уул, уурхай олборлолтын, 29.6 (3.9 хувь) мянга нь санхүү, даатгалын, 159.8 (21.1 хувь) мянга нь бусад салбарын ажиллагчид байна.

НДШ төлөлтийн 2022 оны 4 дүгээр улирлын тайланд хамрагдсан 756.1 мянган ажиллагчийн сарын дундаж цалин 1285.3 мянган төгрөг байв. Энэ нь өмнөх улирлынхаас 127.9 (11.1 хувь) мянган төгрөгөөр нэмэгдсэнийг Үндэсний статистикийн хороо мэдээллээ. Нэг ажилтанд ногдох сарын дундаж цалин дээрх хугацаанд 1.7 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 312 (21.7 хувь) мянга, өмнөх улирлынхаас 177.1 (11.3 хувь) мянган төгрөгөөр нэмэгджээ. Түүнчлэн, эрэгтэйчүүдийн дундаж цалин 1.9 сая, эмэгтэйчүүдийнх 1.6 сая төгрөг байв.

Ажиллагчдын сарын дундаж цалинг салбарын ангиллаар авч үзэхэд, олон улсын байгууллага, суурин төлөөлөгчийн үйл ажиллагааны салбарт ажиллагчдын цалин хамгийн их буюу 5.2 сая, урлаг, үзвэр, тоглоом наадмын салбарт ажиллагчдын цалин хамгийн бага буюу 1.1 сая төгрөг байна. ААНБ-д ажиллагчдын сарын дундаж нэрлэсэн цалин 2022 оны 4 дүгээр улиралд 2015 оныхоос 2 дахин нэмэгдсэн ч худалдан авах чадварыг илэрхийлэх бодит цалин 36.7 хувиар нэмэгджээ.

НДШ төлөлтийн тайланд хамрагдсан нийт даатгуулагчийн дотор 700 мянгаас 1.1 сая төгрөгийн цалинтай даатгуулагчийн эзлэх хувь хамгийн их буюу 20.3, харин 420 мянга хүртэл төгрөгийн цалинтай даатгуулагчийн эзлэх хувь хамгийн бага буюу 8.8 хувь байв.

Ажиллагчдын сарын дундаж цалинг өнгөрсөн оны 4 дүгээр улирлын байдлаар бүсээр авч үзэхэд Улаанбаатар хотод 1.9 сая төгрөг байгаа нь улсын дунджаас 126.5 (7.2 хувь) мянган төгрөгөөр их байхад бусад бүсэд улсын дунджаас 36.5-578.7 (2.1-33.1 хувь) мянган төгрөгөөр доогуур байлаа.

Байгууллагын хариуцлагын хэлбэрээр авч үзэхэд ХХК болон бүх гишүүн нь бүрэн хариуцлагатай нөхөрлөлд ажиллагчдын сарын дундаж цалин 1.9 сая, ХК, ТӨҮГ-т ажиллагчдын сарын дундаж цалин 2.1 сая төгрөг байгаа нь улсын дунджаас 99.7-368.1 (5.7-21 хувь) мянган төгрөгөөр их байна. Харин бусад аж ахуйн нэгжид ажиллагчдын сарын дундаж цалин байгууллагын хариуцлагын хэлбэрээс хамааран улсын дунджаас 313.2-940.7 (17.9-53.7 хувь) мянган төгрөгөөр бага байна. Төсөвт байгууллагад ажиллагчдын сарын дундаж цалин өмнөх оны мөн үеийнхээс 181.4 (14.5 хувь) мянган төгрөгөөр нэмэгдсэн аж.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Dandaa.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..