© Dandaa.mn. 2011-2024
4-р сарын 30, Мягмар
Улаанбаатар °C
Эрүүл мэнд

" Нэг яс нөгөөтэйгөө шөрмөсөөр бэхлэгддэг учраас давхар авдаг"

-Олон нийтийн анхааралд ороод байгаа асуудлаар тайлбар авах гэсэн юм. Тодруулбал, талийгаачийн гэр бүл элэг, бөөр, шөрмөс авч бусдад эрүүл мэнд бэлэглэхийг зөвшөөрсөн. Гэвч эмч нар зөвшөөрөлгүйгээр хөлийн эрхтэнүүдийг авсан талаар мэдээлэл гараад байна?

-Гэр бүлийн уулзалтыг хүнд нөхцөлд хийж, цаг хугацаатай уралдсан үед зөвшөөрөл авах болдог. Тухайн хүмүүс стресс бухимдлаас үүдэн буруу ойлгох тохиолдол бий.  Маш сайн тайлбарлаж, маягтын дагуу гарын үсэг зурж баталгаажуулан, ажиллах шаардлагатай. Манай байгууллагаас гэр бүлд нь хэлэлгүйгээр эд, эрхтэн авах ямар ч боломж байхгүй. Нэг алдаа гарсан нь яс, шөрмөс хуульдаа эд гэдгээр явдаг. Жишээ нь, дунд чөмөг гэж бичсэн байлаа гэхэд дунд чөмгийг тэр чигээр нь авна гэсэн үг биш. Дунд чөмөгний зөвхөн булуу хэсгийг авахад ойр тойрны яс нь шөрмөсөөр бэхлэгдсэн байдаг учир тэдгээр яс, шөрмөсийг давхар авч байж нөгөө хүндээ шилжүүлэн суулгадаг. Тэгэхээр олон эд эрхтэн авсан мэт харагдаж байгаа хэдий ч олон хүнд амьдрал бэлэглэж байгаа юм.

-Эд гэж авч үзэж байгаа бүлэг дотор нь юу юу багтдаг вэ?

-Донорын тухай хуульд эрхтэн гэдэгт элэг, бөөр ордог бол эд дотор шөрмөс, нүдний эвэрлэг, яс, ясны хэсгүүд орно.

-Тэгвэл шөрмөс биш эд гэдэг нэршлээр гарын үсэг зуруулсан хэрэг үү?

-Тийм. Уг асуудалд манай албаны зүгээс тухайн гэр бүлд бүрэн ойлгуулж чадаагүй юм билээ.

-Улсын хэмжээнд донор хүлээж байгаа хэчнээн хүн байгаа вэ?

-Манай албанд бүх хүлээх жагсаалт бүртгэгдсэн байдаг. Улсын нэгдүгээр төв эмнэлэгт бөөр шилжүүлэн суулгах шаардлагатай 70 гаруй иргэд өнөө маргаашаа хүлээж эмчилгээ, эм тарианаас эхлээд санхүүгийн хувьд хүнд дарамтанд орсон байгаа. Тэдгээр хүмүүст амьгүй донор гарсан тохиолдолд хүлээх жагсаалтаас эмчлүүлэгчийг сонгох шалгуур байдаг.  Эмчлүүлэгчээ сонгоод цусны бүлгийн тохироог үзэж, бөөр шилжүүлэн суулгах багтай манай албанаас хурал хийж, ил тод үйл ажиллгаа явуулдаг.

-Тархины үхжилтэй донор олдоход хэчнээн эмч ажилладаг вэ?

-Эд, эрхтэн авахад олон баг ажилладаг. Бүх эрүүл мэндийн байгууллага, эмнэлэгт тархины үхжил тодорхойлох баг бүрдүүлэхээр ажиллаж байна. Одоогоор 16 баг бий. Тархины үхжилтэй донор илрүүллээ гэхэд эхлээд элэг, бөөр, шөрмөс авах багууд ирж танилцдаг.

-Эмч нараас ямар нэг байдлаар эд, эрхтэнг зөвшөөрөлгүй авч борлуулах боломжтой юу?

-Боломжгүй. Ямар эрхтэн авч байгаа, юу хийж байгаа талаар эрүүл мэндийн сайдаас баталсан маягтын дагуу тархины үхэлтэй донороос эд, эрхтэн авсан тухай бүртгэл маягтыг хөтөлж, гарын үсэг зурж, хамгийн сүүлд нь өмнөх хэвийн байдалд нь оруулж гэр бүлд нь хүлээлгэн өгдөг. Цахим орчинд хүмүүс эд, эрхтэнийг нь тоносон гэж их муухайгаар ярьж байна. Зүрх зогссоноос 5 минутын дараа бусад эрхтэний үйл ажиллагаа бүрэн алдагддаг. Энэ нь ямар ч эд, эрхтэнг дараа нь авах боломжгүй гэсэн үг. Манай улс хүний наймаа, эд эрхтэний наймаанаас ангид байна гэж 2018 онд Истанбулын тунхаглалд нэгдсэн байдаг. Бид энэ бүх зарчмыг баримталж ажилладаг.

-Иргэдийн дунд амьгүй донорын ар гэрт олгодог 3.5 сая төгрөгийн тэтгэмжилйг их бага өртөг хэмээх шүүмжилж байна. Тэтгэмжийн хэмжээг хэрхэн тогтоодог вэ?

-Донорын тухай хууль шинэчлэгдэн батлагдсанаас хойш гэр бүлтэй уулзах бүрт хэцүү байдаг. Ямар аргаар яаж туслах хуулийн зохицуулалт байж болох вэ гэдгийг бусад улс орнуулаас судалсан. Солонгос улсад донор болсон тохиолдолд оршуулгын тэтгэмж өгдөг. Үүнийг үндэслэн оршуулгын тэтгэмж өгч болох талаар хуульд өөрчлөлт оруулж НДҮЗ-ийн тогтоолоор амьгүй донор болсон тохиолдолд оршуулгын тэтгэмжийг 3.5 дахин өсгөсөн буюу 3.5 сая төгрөгөөр тогтоосон. Энэ нь даатгуулагч гэж гарсан байдаг. Бид энэ тохиолдолд үндэслэн нэмэлт өөрчлөлт оруулахдаа даатгалаас хамаарахгүй ар гэрт нь 10-15 дахин нэмэгдүүлсэн тэтгэмж олгох үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

-Ер нь донор эмэгтэйн асуудал Донорын тухай хуульд тулаад мухардчихаад байгаа. Уг хуулийн талаар мэдээлэл өгөхгүй. Та албаны чиг үүргийг хэрхэн зохицуулсан байдаг?

-Монгол Улсад Донорын тухай хууль 2000 онд батлагдсан. Үүнээс хойш 2012, 2018 онуудад шинэчлэгдэж, хамгийн сүүлд 2022 шинэчлэгдээд байна. 2018 онд шинэчлэгдэн батлагдахдаа Эрүүл мэндийн хөгжлийн төвийн дэргэд эс, эд, эрхтэн шилжүүлэх үйл ажиллагааг зохицуулах албыг 6 хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан. Манай алба Монгол Улсын хэмжээнд эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг үндэсний хэмжээнд уялдуулан зохицуулах, хянах, зохион байгуулах үндсэн чиг үүргийн хүрээнд ажилладаг.

Донорын тухай хуульд эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагаа нь амьд болон амьгүй донороос хийгддэг. Амьд донор гэдэг нь өөрийн эс, эд, эрхтэний хэсгийг сайн дураар өгөгч буюу тухайн эмчлүүлэгчийн гэр бүлийн гишүүн байх ёстой. Харин амьгүй донор нь тархины үхэлд хүрсний дараа гэр бүлээс нь зөвшөөрөл авч эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагаа явуулахыг хэлнэ. Монгол улсад элэг, бөөр, ясны чөмөг, арьс, шөрмөс, яс шилжүүлэн суулгах эмчилгээ хийгддэг. Тодруулбал, УНТЭ-т элэг, бөөр, ясны чөмөг, үүдэл эс шилжүүлэн суулгах баг ажиллаж байгаа бол ХСҮТ-д элэг шилжүүлэн суулгах баг, ГССҮТ-д шөрмөс, яс, арьс шилжүүлэн суулгах эмчилгээ хийж байна. Манай албаны хамгийн гол зорилго бол амьгүй донор гэж батлагдсан тохиолдолд гэр бүлийн гурван хүнээс зөвшөөрөл авч, бүх үйл ажиллагааг таниулцуулж, эрхтэн авах мэс заслыг эхлүүлэх юм. Эдгээр бүх ажил цаг хугацаатай уралдах ёстой байдаг. Учир нь эд, эрхтэнээ хүлээж авч байгаа эмчлүүлэгчийн эмчилгээний үр дүн хүлээх  тусам хүндрэл үүсдэг тул авч болох хурдан хугацаанд эмчилгээ хийж байж эерэг үр дүн гарна. Бид өнөөдрийг хүртэл 6580 гаруй удаа өдөр бүр донорын эмнэлэгтэй уулзаж, мэдээлэл авч ажиллаж байна.

Үүнээс 2660 гаруй тархины үхэлтэй боломжит донорыг илрүүллээ. Бүх шалгууруудыг хангасан 64 донорын гэр бүлтэй уулзахад 50 хувь нь зөвшөөрсөн байдаг. Зөвшөөрсөн донороос 35 хүнд бөөр, 23 хүнд элэг шилжүүлэн суулгах эмчилгээ хийж 58 хүнд амьдрал бэлэглэсэн. Нийт 170 гаруй хүний амьдралын чанар сайжирч яс, шөрмөс шилжүүлэн суулгах эмчилгээ амжилттай болсон.

Д.МЯГМАРДОРЖ

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Dandaa.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..