© Dandaa.mn. 2011-2024
10-р сарын 3, Пүрэв
Улаанбаатар °C
Боловсрол

Бичил биетний тэсвэржилтээс хамтдаа сэргийлье

“Бичил биетний тэсвэржилтийн талаарх мэдлэг, хандлагыг сайжруулах дэлхийн 7 хоног” жил бүрийн арваннэгдүгээр сарын 18-24-ны өдрүүдэд дэлхий даяар зохион байгуулагддаг. Энэ арга хэмжээг ДЭМБ, НҮБ-ын ХХААБ, Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллага, НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр зэрэг олон улсын байгууллагуудаас дэмжин улс орны Засгийн газруудтай хамтран зохион байгуулж дэлхий нийтээр уламжлал болгон тэмдэглэдэг уламжлалтай. Тус аяны гол зорилго нь бичил биетний тэсвэржилтийн талаар хүн амын мэдлэгийг сайжруулах, олон нийт, эмнэлгийн мэргэжилтнүүд, бодлого боловсруулагчдын дундах сайн дадлыг дэмжихэд орших юм.

Энэ жилийн хувьд “Бичил биетний тэсвэржилтийн талаарх мэдлэг, хандлагыг сайжруулах дэлхийн 7 хоног”-ийг “Бичил биетний тэсвэржилтээс хамтдаа сэргийлье” уриан дор олон нийтэд чиглэсэн ажлууд хийхээр төлөвлөсөн байна. Тухайлбал, Дэлхийн банкны санхүүжилтээр Монголын Мал эмнэлгийн ерөнхий газар, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газраас хамтран сэтгүүлчилтэй уулзалт хийх, мал эмнэлгийн оюутнууд дунд “Бичил биетний тэсвэржилтийг хэн сайн мэдэх вэ” сургалт, 21 аймгийн малын эмч нарын дунд онлайн хурал, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд “Нэг эрүүл мэнд-Бичил биетний тэсвэржилт” сэдвээр мэдээлэл өгөх ажлуудыг зохион байгуулахаар төлөвлөжээ.

Бичил биетэн гэдэгт нян, вирус, мөөгөнцөр, шимэгчийг хамааруулах бөгөөд бичил биетнийг устгадаг эсвэл түүний үржил, хөгжлийг нь саатуулах үйлчилгээ үзүүлдэг аливаа эм, бэлдмэлийг бичил биетний эсрэг эм (ББЭЭ) гэнэ. Харин бичил биетний тэсвэржилт (ББТ) гэдэг нь өвчин үүсгэгч нян, вирус, шимэгч хорхой, мөөгөнцөр зэрэг бичил биетэн ББЭЭ-нд дасал болж эмчилгээ, үйлчилгээ үр дүнгүй болохыг хэлдэг байна. Бичил биетний тэсвэржилт үүсэх үндсэн шалтгаан нь иргэд бичил биетний эсрэг эмийг хэтрүүлэн хэрэглэх, эсвэл дутуу, буруу давтамжтай зохисгүй хэрэглэх явдал аж. Мөн малчид, тариаланчид бичил биетний эсрэг эмийг мал аж ахуй, тариалан эрхлэлтэд зохисгүй, хяналтгүй хэрэглэснээр бичил биетний тэсвэржилтийн тархалтыг нэмэгдүүлэх нөхцөлийг бүрдүүлдэг ажээ.

Хүн, малд хамгийн өргөн хэрэглэдэг бичил биетний эсрэг эм бол та бидний сайн мэдэх антибиотик. Эм, бэлдмэлд тэсвэртэй болсон бичил биетнийг устгах нь нэн төвөгтэй бөгөөд мал, амьтны ялгадсаар гадагшилж хөрс, ус зэрэг хүрээлэн буй орчинд тархах, мөн малын мах, сүү, хүнсний ногоо зэргийг хүн хэрэглэх үед эмэнд тэсвэржсэн нянгийн халдварт өртөх аюултай. Иймд бичил биетний тэсвэржилтээс хамтдаа сэргийлэхийг мэргэжилтнүүд хэлж байлаа.

Дэлхийн банкнаас ирүүлсэн судалгаанд манай улсын нийт малчдын 85 хувь нь өвчтэй малдаа дун мэдэн эм өгдөг гэсэн мэдээлэл байв. Энэ шалтгаанаар зарим аймагт малын халдварт өвчин буурахгүй байгаа ба Дэлхийн банкнаас малын халдварт өвчин өндөртэй 12 аймгийн 80 суманд Малын эрүүл мэндийн бүрэлдэхүүн хэсэг бүхий Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх төсөл хэрэгжүүлж байгаа аж. Мал эмнэлгийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, мал гоц халдварт өвчингүй эрүүл бүс болгох ажилд бодит хувь нэмэр оруулахад чиглэх уг төслийн хүрээнд улсын гурав, бүсийн хоёр, аймгийн таван лаборатори нийт 10 оношлогооны лабораторийг шинэчлэхийн зэрэгцээ 500 малын эмчийг мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх сургалтад хамруулах өндөр ач холбогдолтой юм.

Бичил биетний тэсвэржилтээс үүдэлтэй тоон мэдээлэл!

  • 2019 оны байдлаар дэлхий дахинаа 5 сая гаруй хүн тэсвэржсэн нянгийн халдварын шалтгаантай холбоотойгоор амь насаа алдсан бөгөөд үүнээс 1,3 сая нь шууд тэсвэржсэн нянгийн халдвараас шалтгаалан нас барсан.
  • Бичил биетний тэсвэржилт нь 2050 он гэхэд дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүнийг 3,8%-аар бууруулна. Бичил биетний тэсвэржилт нь хяналтгүй тархсаар байвал дараагийн 10 жилд жил бүр 3,4 триллион америк долларын ДНБ-ний хомсдолд оруулна. Мөн 24 сая гаруй хүн амыг туйлын ядууралд хүргэх аюултай.
  • Нэг шинэ нянгийн эсрэг эм /антибиотик/ нээж гаргахад 10-15 жилийн хугацаанд 1 тэрбум гаруй долларыг зарцуулдаг.
  • Үлдэгдэл болон хэрэглээгүй үлдсэн эмийг хог дээр хаях, жорлонд хийн урсгах нь бичил биетний тэсвэржилтийг улам нэмэгдэхэд хүргэдэг.
  • Амьтадыг эрүүл байлгах нь нянгийн хадлварын эсрэг эмчилгээг багасгах чухал алхам юм.
  • Хоол хийх, бэлтгэхээс өмнө гарын ариун цэврийг сахиснаар тэсвэржсэн бичил биетний халдварыг бууруулах боломжтой.
  • Хүний оролцоотойгоор үүсэж буй бохирдол нь бичил биетний тэсвэржилтийн хүрээлэн буй орчин дахь тархалтыг нэмэгдүүлдэг.
  • Ундны усны эрүүл ахуйг хангаснаар суулгалт өвчний эсрэг антибиотик эмчилгээний хэрэглээг 60% хүртэл бууруулах боломжтой. Ундны усны эрүүл ахуйг хангаснаар хүн амыг тэсвэржсэн бичил биетний халдвараас урьдчилан сэргийлж, амьдралыг чанарыг дээшлүүлж, эрүүл мэндийн зардлыг бууруулна.

Бичил биетний тэсвэржилтийн тархалтыг багасгаж болох хүчин зүйлс:

  • Хүн амын нягтаршилийг бууруулах, мөн хог хаягдал, ариутгалын менежментийг сайжруулах
  • Халдвараас урьдчилан сэргийлэлт, хяналтын системийг хүний эрүүл мэнд, мал аж ахуйн ферм, хүнсний үйлдвэрүүдэд бэхжүүлэх
  • Усны цэвэр байдал, халдваргүйжүүлэлт, ариутгалыг сайжруулах, сайн дурын дархлаажуулалтыг нэмэгдүүлэх
  • Хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд сайн туршилгыг нэвтрүүлэх зэрэг ордог байна.
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Dandaa.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..