© Dandaa.mn. 2011-2024
4-р сарын 27, Бямба
Улаанбаатар °C
Улс төр

Шатахуунаа татахгүй бол хот хөдөөгүй явгарах нь!

Баруун аймгуудад шатахуун тасраад 20 шахам хонож байгаагаас иргэд явгарч, эцэстээ малчид эрүүл мэндийн үйлчилгээ ч цаг алдалгүй авахад хүндрэл учирч болзошгүй болов.

Аймаг даяараа түлш тасарснаас увсчууд хүүхэд багачуудынхаа өвлийн идшийг Улаанбаатар хот руу явуулах боломжгүй болсны зэрэгцээ зуданд хэдэн малаа алдахгүйн тулд нүүдэл хийх шаардлага үүссэн ч мөн л шатахуун тасалдсанаас хөдлөх аргагүй болжээ.

Улаанбаатар хотод ч дизель түлш, АИ-92 авто бензин хайсан жолооч нар олширлоо. Зарим жолооч тав дахь шатахуун түгээх станц дээр ирж, АИ-92 авто бензинтэй залгаж, машинаа “хоолтой” нь залгуулсан тухай учирлаж байна. Зарим шатахуун түгээх станц АИ-92 авто бензиныг хязгаарлалтайгаар өгч буй тухай жолооч нар ярьж буй.  Дизель түлш олдохгүй байгаа тул “амьжиргаа цагаан”-аараа хоногийн хоол хүнсээ ч залгуулахад амаргүй болж буй талаар хувиараа бизнес эрхлэгч хэлэв.

Харин эл асуудлыг зохицуулах ёстой Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар “Тав зургаа хоног тэсчих. Удахгүй урд хөршөөс нефтийн бүтээгдэхүүнээ татна. Төлбөрийг нь аж ахуй нэгжүүд хийсэн” гэдэг тайлбар хийж зогсох.

Ажил хийнэ, асуудлыг шийднэ гэж сайд болсон хүн нь “Тэсч бай” гэдэг тайлбарыг хахир өвлөөр хийж зогсоно гэдэг бол үнэндээ утгагүй.

Учир нь, ОХУ өнгөрсөн есдүгээр сарын 20-нд экспортод гаргах нефтийн бүтээгдэхүүндээ хориг тавьсан. Эл хоригт Монгол Улс орсныг хэвлэлүүд мэдээлж байв.

Тухайн үед сайд Ж.Ганбаатар "ОХУ-ын Засгийн газраас есдүгээр сарын 20-ны өдөр шатахууныг хязгаарласан тогтоол гаргасан. ОХУ-ын В.Володин дарга Монголд ирэхэд нь АИ-92 бензиний хязгаарлалтад Монгол Улсыг хамруулахгүй байхаа амласан. ОХУ-ын Засгийн газрын тогтоол тийм амархан шийдэгддэг асуудал биш. Гэхдээ бид ажилласаар байгаад өнгөрсөн долоо хоногийн Пүрэв гаригт Засгийн газрын тогтоолд өөрчлөлт оруулж, АИ-92 шатахууны асуудал жигдэрсэн" гэдэг тайлбарыг хийж байлаа.

Мөн ОХУ-ын Холбооны хурлын Төрийн думын дарга В.В.Володин Монголд айлчилсны дараа УИХ-ын дарга Г.Занданшатар “ОХУ-аас гаргасан шатахуун, түлшний экспортын хязгаарлалтын тухай тогтоолд Монгол Улс хамаарахгүй гэдгийг нотлон хэлсэнд талархал илэрхийлье. Мөн цаашид шатахууны тогтвортой нийлүүлэлт, хангамж, үнийн асуудлаарх яриа, хэлэлцээг үргэлжлүүлэхээр болсон" гэдэг мэдээллийг хийсэн юм. Гэвч бодит байдал дээр УИХ-ын дарга болоод Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд хоёрын хэлсэн үг ажил хэрэг болсонгүй. Хөдөө, хотгүй АИ-92 авто бензин, дизель түлш ховордож, иргэд явгарахад ойртоод байна.

Монгол Улсын дизель түлшний  сарын хэрэглээ хамгийн ихдээ 92 мянган тонн бол АИ-92 авто бензин 53 мянган тонн байдаг гэж үздэг. Харин хориг тавигдсан үеэс арваннэгдүгээр сарын 23-н хүртэлх хугацаанд нийтдээ 95 мянган тонн дизель түлш импортоор  орж ирсэн. Үүний 7000 тонн нь БНХАУ-аас, үлдсэн 80 гаруй мянган тонн бүтээгдэхүүн нь ОХУ-аас орж ирсэн.  Товчхондоо өмнө нь таталт хийсэн байсан нөөц аминд орж, амь залгуулсан гэж хэлж болохоор байгаа юм. Учир нь, дизель түлшний сарын хэрэглээ нь 90 мянган тонн, гэтэл хориг тавигдсан цагаас 95 мянган тонн дизель түлш импортлогдсон гэдэг нь нэг сар орчмын хэрэглээг хориг тавигдахаас өмнөх үеийн татан авалтаараа аргалсан гэж хэлж болохоор байгаа юм.

Цаашдаа ОХУ хоригоо үргэлжлүүлэх эс бол байсхийгээд энэхүү хоригоо сэргээвэл Монгол Улсын эдийн засагт хүндрэл учрах нь тодорхой. Наад зах нь бараа бүтээгдэхүүний үнэд нөлөөлнө. Энэ нь эргээд иргэдийн амьжиргаанд сөрөг нөлөө үзүүлэх юм. Ажлын байрыг ч булаах эрсдэл бий.

Тиймээс Засгийн газар ганц ОХУ-д найдлага тавихгүйгээр өөр орноос нефтийн бүтээгдэхүүн татахад анхаарахгүй бол монголчууд энэ өвлийг давахад эрсдэл учирч мэдэхээр байна.

Ядаж байхад яр гэгчээр ес ч эхлээгүй байхад цас их орсноос өвөлжилт хүндэрч болзошгүй байгааг Шадар сайд анхааруулсан. Улсын онцгой комиссын хуралдаан өчигдөр /2023.11.28/болоход Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Завхан, Хөвсгөл, Булган, Төв, Дорноговь, Хэнтий аймгийн нийт 22 сум, Улаанбаатар хотын Багануур дүүргийн нутаг зудтай байгаа бол 8 аймгийн 26 сум зудархуу байна гэдэг мэдээллийг албаныхан өгсөн.

Иймээс нефтийн бүтээгдэхүүнийхээ импортод анхаарал хандуулж, ажиллахгүй бол хомсдол зудан дээр зуд нэмж буухыг байг гэх газаргүй болж байна шүү, Уул уурхайн сайд аа.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Dandaa.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..