© Dandaa.mn. 2011-2024
5-р сарын 19, Ням
Улаанбаатар °C
Улаанбаатар

" 4 сарын байдлаар шилжилт хөдөлгөөн жилийн дунджаас 6 дахин өссөн"

-Энэ оны дөрвөн сарын байдлаар улсын хэмжээнд 70 мянган иргэн шилжилт хөдөлгөөн хийсэн байна. Энэ тоон мэдээллийг задлавал нийслэлээс орон нутаг руу, орон нутгаас нийслэл рүү эсвэл орон нутаг хооронд шилжилт хөдөлгөөн их байна уу?

-УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн санал хураалт 2024 оны зургадугаар сарын 28-ны өдөр болно. Үүнтэй холбоотойгоор Сонгуулийн хуульд заасны дагуу иргэний шилжилт хөдөлгөөнийг санал авах өдрөөс 60 хоногийн өмнө түр зогсоодог хуулийн зохицуулалттай. Сонгуультай холбоотой "царцаа"-ны нүүдлийг манай байгууллага тогтоох боломжгүй. Иргэд хуульд заасан шилжилт хөдөлгөөн хийхдээ холбогдох бичиг баримтаа бүрдүүлж, улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлдэг.

Сонгууль эхлэхээс өмнө шилжилт хөдөлгөөний бүртгэл хаах тухай мэдээллийг урьдчилан хүргэдэг учраас иргэдийн шилжилт хөдөлгөөн өмнөх саруудаасаа илүү нэмэгддэг.

Ер 2024 оны эхний дөрвөн сарын байдлаар нийт 70.071 иргэн шилжилт хөдөлгөөн хийгээд байна. Тодруулбал, орон нутгаас нийслэлд 11.389, орон нутаг хооронд 6512, нийслэлээс орон нутагт 9420 иргэн шилжсэн. Нийслэл дотроо нэг дүүргээс нөгөө дүүрэг рүү 42.750 иргэн шилжилт хөдөлгөөн хийсэн. Тэр дундаа Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэг хамгийн их байгаа бол Баянгол дүүрэг дээр 4000 иргэн шилжиж ирсэн.

-Орон нутгаас нийслэл рүү шилжиж ирэх иргэн олон байдаг. Гэтэл сонгуулийн жил нийслэлээс орон нутаг руу шилжих хөдөлгөөн хэр нэмэгддэг вэ?

-Эхний дөрвөн сарын байдлаар нийслэлээс орон нутаг руу 9420 иргэн шилжсэн байна. Жилдээ дунджаар 11-12 мянган иргэн шилждэг бол энэ жилийн эхний дөрвөн сарын байдлаарх шилжилт хөдөлгөөн нэмэгдсэн байгаа нь тоон үзүүлэлтээс харагдаж байна. Тоон үзүүлэлтийг задлавал, Увс аймагт 1000, Орхон аймаг руу 800, Дорнод аймаг руу 500, Ховд болон Завхан аймаг руу тус бүр 700 иргэн шилжсэн мэдээлэл байна.

-Өнгөрсөн 2020 оны УИХ-ын сонгуулийн өмнө ба дараах тоон мэдээллийг харьцуулбал?

-Өнгөрсөн 2020 оны УИХ-ын сонгуулийн өмнөх эхний дөрвөн сар буюу 2019 оны аравдугаар сараас 2020 оны хоёрдугаар сарын 1-нээс иргэдийн шилжилт хөдөлгөөнийг хаасан. Энэ нь тухайн үеийн сонгуулийн хуультай холбоотой. Мөн адил сонгуулийн өмнөх сард иргэдийн шилжилт хөдөлгөөн бага зэрэг нэмэгдсэн.

Тодруулбал, 2020 оны УИХ-ын сонгуулийн өмнөх шилжилт хөдөлгөөний бүртгэл хаагдахаас өмнө 200 мянган иргэн шилжилт хөдөлгөөн хийсэн байна.

Нийслэл дотроо 189 мянга, нийслэлээс орон нутаг руу 7600, орон нутгаас нийслэлд 24 мянга, орон нутаг хоорондоо 7300 иргэн шилжилт хөдөлгөөний бүртгэлд хамрагдсан. Харин 2020 оны сонгуулийн дараа шилжилт хөдөлгөөн хэвийн үргэлжилж байснаа аравдугаар сард орон нутгийн сонгуулийн өмнөх наймдугаар сард шилжилт хөдөлгөөний бүртгэл нэмэгдсэн. Тодруулбал, наймдугаар сард нийслэл хот руу 23 мянга, нийслэлээс орон нутаг руу 1800, орон нутгаас нийслэлд 9200, орон нутаг хооронд 2200 иргэн шилжиж, нийт 36.900 иргэн шилжилт хөдөлгөөн хийсэн.

-Иргэд шилжилт хөдөлгөөн хийхэд ямар бичиг баримт бүрдүүлэх вэ?

-Иргэд заавал өөрийн биеэр улсын бүртгэлийн байгууллагад ирэх шаардлагагүйгээр "И-Монголиа" систем болон цахим хуудсаар шилжилт хөдөлгөөний өргөдөл хүсэлтээ илгээх боломжтой. Хамгийн гол нь иргэн оршин суугаа нотлох баримт бичгээ, 16 наснаас доош хүүхэдтэй бол төрсний гэрчилгээ, 16 наснаас дээш хүүхэдтэй бол иргэний үнэмлэх, шилжин очиж байгаа газрынхаа үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гэх мэт нотлох баримтаа сайн бүрдүүлэх шаардлагатай.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Dandaa.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..