© Dandaa.mn. 2011-2024
6-р сарын 18, Мягмар
Улаанбаатар °C
Улс төр

" Ногоон автобусны сонсгол" сонгуулийн сүрд дарагдав

Сүр дуулиантай танилцуулга бэлтгэж, Сүхбаатарын талбайдаа нийтэд нь зогсоож, олон нийтээр автобусны үнэлгээг хийлгэж байсан үе хэдхэн сарын өмнө. Түүгээр ч зогсохгүй мафижсан худалдан авалтын ажлыг санаачилснаас эхлээд зохион байгуулсан хүртэл нэр холбогдсон бүх хүнийг нийтээр нь баримттай шалгахаа түр хорооны ажлын хэсэг нь ам гарсан.

Цагаан сараас өмнө хийхээр төлөвлөж байсан ч цаад агуулгаараа боломжгүй болж, УИХ-ын хаврын ээлжит чуулганы үеэр зохион байгуулахаар дахин товлосон ч сонсголын ирц нь бүрдээгүй. Ийн явсаар УИХ-ын ээлжит сонгуулийн сүрд дарагдаж, "ногоон" тодотголтой автобусны хэрэг намжив бололтой.

Өнгөрсөн гуравдугаар сард "ногоон автобусны худалдан авалтыг шалгах түр хороо" анхны хурлаа хийж даргаа УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийг сонгосон. Үүрэгт ажлаа хүлээн авсан шинэхэн дарга өнөө, маргаашгүй л нээлттэй сонсголоо хийнэ гэж байв. Өнгөн дээрээ өчнөөн хурдлуулж, яаралтай хуралдах товтой мэт харагдаж байсан ч хачир дээрээ бодит амьдралын агуулгаараа тус сонсгол хойшлох нь цаг хугацааны л асуудал.

320 ОРЧИМ ТЭРБУМЫН ХОХИРЛЫН 75 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ "ТЭНҮҮН-ОГОО"-ГООС ХУРААНА

Улсын төсвийн 318 тэрбум төгрөгөөр худалдан авсан "ногоон автобус" хуучин байсан нь тогтоогдсон учраас нийслэлийн тухайн үеийн холбогдох удирдлага, албан тушаалтнуудыг хуулийн байгууллага шалгасан. Түүгээр ч зогсохгүй Хотын дарга асан Д.Сумъяабазар, Түгжрэлийн сайд асан Ж.Сүхбаатар нар албан тушаалаасаа огцорсон юм. Харин өдгөө энэхүү худалдан авалттай холбогдуулж АТГ-аас шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж буй.

Ногоон автобсуны хэрэгт "Тэнүүн-Огоо" компанийн захирал А.Ганхуяг холбогдсон. Улмаар нийслэлд учирсан хохирлыг тус компаниар нөхөн төлүүлэхээр болсон байдаг.

Нийслэлийн Засаг даргын орлогч П.Сайнзориг өмнө нь мэдээлэл өгөх үеэрээ тендерийн баталгаанд тавьсан 11.5 тэрбум төгрөгийг царцааж, улсын төсөвт татсан. Үлдсэн 76 тэрбум төгрөгийн хохирлыг тус компанийн нийтийн тээврийн зориулалттай хөрөнгүүдийг үнэлж авах асуудал хуулийн байгууллага шалгах явцад яригдсан. Тэрбээр, "Тэнүүн-Огоо" ХХК-ийн захирал А.Ганхуягийн зарим хөрөнгө үнэлэгдээгүй. Үүнд дахин тодруулга хийж, АТГ-аас эцсийн байдлаар 75 орчим тэрбум төгрөгт үнэлсэн хөрөнгийг өгье гэсэн.

Эдгээр нь нийтийн тээврийн зориулалттай автобус баазууд, гарааш, газрын эрх, засварын төвүүд байгаа гэх тайлбарыг хэлж байсан.

Тэгвэл тус компанийн 75 тэрбум гаруй төгрөгийн өртөг бүхий хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авсан талаар Нийслэлийн Засаг даргын орлогч П.Сайнзориг өнгөрёөн долоо хоногт /2024.04.29/  НИТХ-ын хуралдаанд танилцууллаа.

НЭЭЛТТЭЙ СОНСГОЛООС ӨМНӨ ШҮҮХИЙН УРЬДЧИЛСАН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ НЬ БОЛОХ БАЙСАН Ч МӨН Л ХОЙШЛОВ

"Ногоон автобус" худалдан авах ажиллагаатай холбоотой А.Ганхуяг нарын 24 хүнд холбогдох хэргийн шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлгийг өнгөрсөн сард /2024.04.24/ товлосон ч өмгөөлөгчдийн хүсэлтээр хойшлуулжээ. Тодруулбал, нийслэлийн Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд зарласан хуралдаан яллагдагчийн өмгөөлөгчөөс гаргасан хүсэлтийн дагуу 2024 оны тавдугаар сарын 20-ны өдөр хүртэл хойшилсон.

Энэ хэргийг хоёр сарын өмнө /2024.03.11/ шүүхэд шилжүүлсэн бөгөөд урьдчилсан хэлэлцүүлгээр мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийсэн эсэхийг хэлэлцэх байв. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Худалдан авах ажиллагааны газрын эрх бүхий албан тушаалтнууд 2023 онд нийслэлийн өмчийн хөрөнгөөр 600 ширхэг автобус худалдан авах ажиллагааг зохион байгуулахдаа хууль зөрчиж, бусдад давуу байдал бий болгосныг хуулийн байгууллагаас тогтоосон байдаг.

Автобуснуудыг үйлдвэрийн технологийн бус аргаар угсарч хийсэн гэдгийг хуулийн байгууллага тогтоосон талаар өмнө нь мэдээлж байв. Хохирол 134.5 тэрбум төгрөг бөгөөд үүнээс мөрдөгчид 11.9 тэрбум төгрөгийг төлүүлж, 71.7 тэрбум төгрөгийн хөрөнгийг битүүмжлэн хамгаалсан гэдэг мэдээллийг өгсөн.

Нийслэлийн прокурорын газраас УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга асан Ж.Сүхбаатар, Нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөх асан Д.Мөнх-Эрдэнэ, Худалдан авах ажиллагааны газрын Мэдээллийн технологийн хэлтсийн дарга Б.Т, Нийтийн тээврийн газрын дарга асан С.Жавхлантбаатар нарын албан тушаалтнууд, Том оврын автобусны үйлчилгээ эрхлэгчдийн холбоо, “Тэнүүн-Огоо” ХХК-ийн албан тушаалтнууд болон БНСУ-ын хоёр иргэн, нийт 24 хүнд холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1, 3 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, 17.3 дугаар зүйлийн 2.2 /Залилах/, 22.12  дугаар зүйлийн 1 /Хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байдаг.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Dandaa.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..