© Dandaa.mn. 2011-2024
5-р сарын 20, Даваа
Улаанбаатар °C
Эдийн засаг

" Oрлого багатай иргэдэд зориулж мкв нь 2 саяас доош үнэлгээтэй орон сууц барина"

БХБ-ын сайд Ц.Даваасүрэн, "Үндэсний орон сууцны санхүүжилтийн тухай хуулийн төслийг хэлэлцэж дэмжлээ. Ирэх долоо хоногт УИХ-д өргөн мэдүүлнэ. Өнгөрсөн жилүүдэд бид орон сууцны зээлийг зөвхөн ипотекийн зээлийн санхүүжилтээр хийж ирсэн.

Харин одоо дээрх орон сууцны санхүүжилтийн хүрээнд төрийн орон сууцны корпорац түрээсийн сууцыг захиалгаар барина. Тэр байраа иргэдэд зээлэх шинэ хэлбэрийг оруулж ирж байна.

Ипотекийн зээл авч байгаа иргэд ихэвчлэн орлогын боломжтой. Судалгаагаар сарын орлого 2.1 саяас дээш айлууд ихэвчлэн ипотекийн зээлд хамрагдсан байна. Харин түүнээс доош орлоготой айлууд хамрагдаагүй гэсэн үг. Бид 2013 оноос хойш 7.6 их наядын 104,00 зээлдэгчид орон сууцны зээл олгосон. Энэ иргэд бүгд хоёр саяас дээш орлоготой гэсэн үг.

Харин одоогийн үндэсний орон сууцны тухай бодлогоор хоёр саяас бага орлоготой, ахмадууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, залуу гэр бүлүүдэд зориулсан орон сууцны хангамжийн асуудлыг шийднэ.

Өөрөөр хэлбэл төрийн орон сууцны корпорац хамгийн хямд үнэлгээтэй орон сууцнуудыг захиалгаар бариулаад, бага орлоготой иргэдэдээ нийлүүлнэ. Эдгээр иргэдэд магадгүй 20 жилээр ч юм уу орон сууцаа зээлчихнэ. Эсвэл түрээслүүлж болно.

Нийслэлд 216,989 өрх гэр хорооллын бүсэд амьдарч байна. Эдгээр өрхийн ихэнх нь орлого бага, ипотекийн зээлд хамрагдах боломжгүй нөхцөл байдалтай байгаа. Тиймээс энэ өрхүүд маань цаашид орон сууцны санхүүжилтийн зээлд хамрагддаг болно.

Энэ орон сууц бусдаасаа ялгаатай. Тодруулбал, орон сууц барих газрыг төрөөс өгнө. Мөн бусад асуудлыг ч төр шийднэ. Иймд ашиг харах, үнэ нэмэх шаардлагагүй.

Бидний тооцож байгаагаар орон сууцны мкв ийн үнэ 2 сая гаруй байгаа бол энэ орон сууцнуудынх хоёр сая орчим байх юм. Ингэснээр даруй нэг саяар буурах бүрэн боломжтой. Үүнээс доош буулгах ч боломжийг бид эрэлхийлнэ. Харин орон сууцны талбайн хэмжээ бага байна. Энэ жил 100 тэрбум төгрөгөөр найман айлын орон сууцыг инженерийн дэд бүтэцгүй 100-аад суманд төрийн албан хаагчдад зориулан барьж өгнө" гэлээ.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Dandaa.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..