© Dandaa.mn. 2011-2024
4-р сарын 28, Ням
Улаанбаатар °C
Эдийн засаг

ББСБ-аар мөнгө хүүлдэг Монголын тэргүүн баячууд

“Таван богд групп” ууц өвчүү чанаж, “М Си Эс” авто засвар руу орж, “Номин” супермаркет үнэ тогтоож, “Шунхлай”-д хутгалдаагүй бизнесийн салбар бараг үлдээгүй. Хамтраад уул уурхайд хүртэл нөлөөгөө тогтоочихсон. Олон нийт өнөөдөр Монголдоо амжилттай яваа бизнесүүдээ ингэж шүүмжилж байгаа нь үнэн. Тус бүрдээ хэдэн охин компанитай гэдэг тоогоо алдсан. Улсаас нэг их тендер авч идсэн гэж дуулддаггүй. Гэвч энэ хэдэн компани Монголын үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний зах зээлийг ноёлж байгаа нь бас үнэн. Ноёлж байгаа гэдэг утгаараа гарааны бизнесийг булааж, жижгүүдээ шахаж байгаа нь ёс зүйгүй гэдэг ч үнэн. Үндсэндээ Монголын жижиг зах зээлд орон зай үлдээгээгүй ноёлогчид баялгийн урсгалыг нийгмийн дунд болон доод давхарга руу биш бүр дээшээ татдаг явдал гаарлаа. Тиймдээ ч Монголд дундаж давхарга тэлэхгүй байна. Дээр нь тэд тус бүрдээ банк бус санхүүгийн байгууллага (ББСБ)-тай болж, жилийн 30-40 гаруй хувийн хүүтэй мөнгө зээлж, дийлэнх олонхоо хүүлэх өрсөлдөөнд хүртэл оров.

Ж.Оджаргалын ББСБ 30 хувийн хүүтэй зээл олгодог

 

Монгол хамгийн баян хүн гэх алдрыг албан бусаар эзэмшдэг “М Си Эс” группийн захирлуудын зөвлөлийн дарга Ж.Оджаргал ББСБ эзэмшдэг. Түүгээрээ мөнгө хүүлдэг гэвэл, хэн ч итгэхгүй. Тэгвэл үнэхээр түүний нэр дээр “Ашид капитал” ББСБ бүртгэлтэй байдаг. Салбартаа багагүй амжилттай яваа түүний ББСБ гар утасны “Симпл” апликейшнаар дамжуулан зээлийн үйлчилгээ эрхэлж байгаа. Зээлдэгчдэд сарын 2.5 хувь, жилийн 30 хувийн хүүтэй зээл олгодог. Өөрөөр хэлбэл, Монголын хамгийн баян хүн ББСБ-аасаа 100 төгрөг гаргах тутамдаа 30 төгрөгийн ашиг хийж суудаг гэсэн үг. Өдгөө “М Си Эс” группийн захирлуудын зөвлөлийн дарга Ж.Оджаргалын мэдэлд Монголын арилжааны хамгийн отгон банк “М” бүртгэлтэй байдаг. Тэрбээр банкаа 2021 онд байгуулсан бөгөөд мөн л санхүүгийн цахим үйлчилгээ үзүүлдэг.

Ц.Баатарсайханы ББСБ  43.2 хувийн хүүтэй зээл олгодог

Монголын хамгийн том банкны эзэн Ц.Баатарсайхан ББСБ ажиллуулж, иргэдийг хүүлж суудаг гэвэл  мөн л хэн ч итгэхгүй биз. Түүнийг ХААН банкны гол хувьцаа эзэмшигч гэдгийг олон нийт андахгүй. Тиймээс ББСБ-ын зээл зах зээл дээр тоглох хэмжээний жижиг бизнесмэн биш гэж бодож магадгүй. Тэгвэл “Таван богд финанс” ББСБ-ын эцсийн эзэмшигч тэр мөн. Түүний ББСБ-ын зээл авахыг хүсвэл сарын хүү 3-3.6 хувь, жилийн 36-43.2 хувийн хүү төлөх шаардлагатай. “Таван богд групп” гэдэг бүхэл бүтэн вант улсын эзэн Ц.Баатарсайханыг энэ мэт үйл ажиллагаа олон нийтийн сүлжээнд асар их шүүмжлэл дагуулж байгаа. “Таван богд групп” нийт 25 охин компанитай.

П.Батсайханы ББСБ 42 хувийн хүүтэй зээл олгодог

П.Батсайханы тэргүүлдэг “Шунхлай групп” Монголын архи, пиво, ундаа, шатахуун, үүрэн телефон гэдэг гол гурван салбарыг тодорхойлдог. Бүр тодруулбал, архи, шар айраг салбартаа ноёлогч  АПУ, Шунхлайн шатахуун түгээх станцууд, үүрэн телефоны “Скайтел” компани түүнийх. Үүнээс гадна “Тэнгис” кино театр, “Интермед” эмнэлэг, “Шунхлай” сүлжээ авто засвар, барилгын “Капитал” групп мөн л түүнийх. Дээр нь ховор металл болон алтны хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшдэг  “Жи эс би майнинг” компанийг байгуулаад амжжээ. Ийм хөрөнгө чинээтэй хүн ББСБ ажиллуулдаг гэвэл Та итгэх үү. Тэгвэл “Шунхлай групп”-ийн ерөнхийлөгч П.Батсайхан “Жи эс би капитал”  ББСБ-ыг эзэмшдэг. Түүний ББСБ зээл олгохдоо сарын 3.5 хувь буюу жилийн 42 хувийн хүү санал болгодог.

Ш.Баярсайханы ББСБ 39.6 хувийн хүүтэй зээл олгодог

Олон нийт Ш.Баярсайхан болон түүний гэр бүлийг зөвхөн хүнсний сүлжээний эзэн гэж ойлгодог. Хүнсний жижиглэн худалдааг атгахаас гадна Улсын их дэлгүүрийн гол хувьцаа эзэмшигч гэдгээр нь мэднэ. Тэгвэл түүний бизнес цар хүрээ зөвхөн үүгээр тогтохгүй юм. Үндэсний сүлжээ гэх тодотголтой “Номин холдинг”-ийн ТУЗ-ийн Ш.Баярсайхан өдгөө арилжааны “Ариг” банкнаас “Номин карт” ББСБ-ыг эзэмшиж байна. Түүний ББСБ-ын зээлийн хүү бусдаасаа арай доогуур буюу сарын 2-3.3 хувь, жилийн 24-39.6 хувь байна. Гэхдээ ББСБ-д ихэвчлэн арилжааны банкны шалгуур хангахгүй хүмүүс ханддаг учраас зээлдэгчид ихэвчлэн хамгийн өндөр хүүгээ тулгадаг гэдгийг санах хэрэгтэй. Ш.Баярсайханы “Номин холдинг” дээрхээс гадна шатахуун, авто худалдаа, барилга, тээвэр зэрэг салбарт нийт 29 компаниар үйл ажиллагаа явуулдаг. Нийслэл Улаанбаатар хотоос гадна аймгийн төвүүдэд “Номин” тодотголтой хэдэн их дэлгүүр байдгийг бодоод үз.

Дээрх дөрвөн ББСБ-ын зээлийн хүүг жилээр тооцоход дунджаар 35 хувьтай гарна. Энэ мөнгө хүлээлт биш гэж үү? Зээлийн хүүгийн дээд хязгаар тогтоох асуудал УИХ дээр унадаг шалтгаануудын нэг энэ байж мэдэх юм. Үүнд нөлөөлөгчид нэгэн цагт бусдынхаа адилаар баяжихын төлөөх өрсөлдөөнд ялалт байгуулсан хүмүүс. Дэлхийн зах зээл дээр гарч, томоор тоглох мөрөөдөл нь тэднийг ийм амжилтад хөтөлсөн биз. Тэгвэл өнөөдөр байдал тэс өөр болж, тэд жижиг дэвжээн дээрээ тэгнэж хэвтэхийг илүүд үздэг болж. Тэд баялаг бүтээхээс илүү монголчууддаа зээлэн өсгөж суухыг илүүд үздэг болсон гэдгээ ББСБ байгуулах өрсөлдөөнөөрөө илтгэж байна.

Д.Мягмардорж

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Dandaa.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..